УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болохтой холбогдуулан санал тоолох хар машины программ хангамжийг шинэчлэхэд төсвийн тодотголд 15 тэрбум төгрөг суулгасан.
Тэгвэл тус санхүүжилтээр 507 санал тоолох төхөөрөмжийг шинээр худалдаж авч байгаа аж. Нэг төхөөрөмж 2600 ам.долларын үнэтэй.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн автоматжуулсан системийн санхүүжилтийг төсвийн тодотголоор шийдсэн. Төлөвлөсөн цаг хугацаандаа ажлуудаа хийгээд явж байгаа. 507 төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт шууд худалдан авч байгаа. Өнөөдрийн байдлаар ашиглалтын шаардлага хангасан 2493 төхөөрөмж байна” гэлээ.
Дашрамд дурдахад, хар машиныг манай улс 2012 оны сонгуулиас хойш ашиглаж байгаа билээ. 2020 оны Их хурлын сонгуулиар 2148 хэсгийн хороон дээр 2615 ширхэг санал тоолох төхөөрөмж ажилласан.
Мөн ирэх жилийн сонгуулиар нэг намаас 126 нэр дэвшигч байх учраас саналын хуудсыг өөрчлөх шаардлага үүссэн. СЕХ саналын хуудсыг олон төрлөөр туршиж байгаа аж. Энэ удаагийн саналын хуудас 2012 оны саналын хуудастай төстэй болно гэдгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэллээ.