УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Тус хуулийн өөрчлөлтөөр жолооч нар торгуулиа төлөхгүй замын хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс торгуулиа хугацаанд нь төлбөл шийтгэлээс 50 хувь хөнгөрүүлэх хэрвээ торгуулиа төлөхгүй бол шийтгэл дээр торгууль нэмэгдэхээр оруулсан. Нэг жилийн хугацаанд жолоочийн торгууль итгэлцүүрээр нэмэгдэж 50 хүртэлх хувиар нэмэгдэнэ. Ингээд ч торгуулиа төлөхгүй бол дараах 7 хязгаарлалтыг хийхээр Засгийн газраас оруулж ирсэн.
1. Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, оношилгоонд оруулах
2. Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
3. Үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх эрхийг хязгаарлах
4. Тусгай зөвшөөрөл олгох эрхийг хязгаарлах
5. Тендер шалгаруулалт орохыг хязгаарлах
6. Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөхийг хязгаарлах
7. Гадаад паспорт олгохыг хязгаарлах
Тэгвэл байнгын хорооны гишүүд замын цагдаа торгуулиа авч чадахгүйн улмаас иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхийг хязгаарлах нь буруу гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, гаргасан зөрчил, шийтгэл, хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ уялдаатай байх ёстой. Гэхдээ энэ алдагдсан учраас дээрх хязгаарлалтыг хуульд оруулан баталсан ч Цэцийн босгыг давахгүй гэлээ. Ингээд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх хязгаарлалтыг хуулийн төслөөс тэр чигт нь хасах зарчмын зөрүүтэй санал гаргахад гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны гаргасан саналаар нэгдсэн чуулган дээр санал хураалт явуулж, эцэслэн шийдэх юм. Хэрвээ чуулган байнгын хорооны саналыг дэмжвэл торгуулиа төлөөгүй жолооч нарт тогтоох 7 төрлийн хязгаарлалтыг Эрүүгийн хуульд оруулахгүй, хуулиас бүхэлд нь авна.
Дашрамд дурдахад, жолооч нарын торгуулийг 2013 оноос бэлэн бус хэлбэрээр авдаг болсноос торгуулиа төлөх нь эрс багасжээ. Энэ оны эхний арван сарын байдлаар торгууль төлөлт 26.5 хувьтай явж байгаа аж.