Ардчилсан намын даргыг сонгох сонгууль өчигдөр /2017.01.29/ 10.00-22.00 цагийн хооронд орон даяар болж өнгөрлөө.
Ардчилсан намын VI их хурлаас бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан юм. Энэ дагуу намын даргын сунгаанд Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар нэр дэвшиж өрсөлдлөө.Намын даргын сонгуульд АН-ын шинэчилсэн бүртгэлд хамарсан 120 мянган гишүүн 361 хэсгийн хороон дээр санал өглөө. Сонгуулийн дүнгийн талаар зохион байгуулах комиссоос 00.00 цагт албан ёсны мэдээлэл хийлээ.
Санал хураалтын дүнг нэгтгэж 20 аймаг, найман дүүрэг дүнгээ ирүүлж, С.Эрдэнэ 2714.45 оноогоор тэргүүлж, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус, тус авлаа. Ийнхүү С.Эрдэнэ АН-ыг цаашид удирдахаар болж байна.
АН-ын даргын сонгуульд 85392 хүн саналаа өгч 70.75 хувийн ирцтэй оролцлоо. Нэр дэвшигчид нийт дүнгээрээ 8350 оноо авах ёстойгоос 7450 оноог цуглуулсан. Мэдээгээ ирүүлээгүй байгаа Төв аймаг, Сонгинохайрхан дүүргээс нийт 900 оноо багцлагдаж ирснээр саналын дүн эцэслэх юм. Гэхдээ энэ нь С.Эрдэнийн авсан дүнд нөлөөлөхүйц оноо биш тул Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсон хэмээн Сонгууль зохион байгуулах комисс мэдээлсэн байна.
А.Аюуш
Үндэстэн агентлаг