\”Боож үхлээ” утааны эсрэг хоёр дахь удаагийн жагсаалд 8.000-10.000 хүн оролцож, 3.600 иргэн Өргөдлийн байнгын хороонд өгөх өргөдөлд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатарын Засаг даргад тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн бөгөөд төр засгийн зүгээс шуурхай, хурдтай ажиллахыг шаардсаар байна.
Мөн нүдэнд нь харагдахгүй, хамарт нь үнэртэхгүй байгаа утааг голомтонд нь очиж мэдрэхийг төрийн түшээд хүсч, Засгийн газрын хуралдааныг Баянхошуунд хийлгэх талаар саналыг дэвшүүлсэн байна. Энэ талаар \”Утааны эсрэг аав ээжүүд\” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү өөрийн цахим хуудсандаа \”Анхны жагсаал буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон жагсаалд 4,000 орчим иргэн оролцож, 2,700 орчим өргөдөл бөглөсөн бол энэ удаад дахин их хүн цуглаж, 3,600 гаруй өргөдөлд иргэд гарын үсэг зурлаа. Эдгээр өргөдлийн маань 250 орчим нь дутуу бөглөгдсөн байгаа. Бүрэн бөглөгдсөн 3,300 орчим өргөдөл дээр өнөөдөр 200-300 орчим хүн өргөдлөө авчирч өгнө гэсэн. Нийт өргөдлүүдээ маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Мөн маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай. Уг хуралдаанаа өглөөний 10:00 цагаас Баянхошууны Жанцангийн буудлын орчимд гадаа хийгээч ээ гэсэн хүсэлтийг өчигдөр Засгийн газрын бичиг хэргийн албаар дамжуулж хүргүүлсэн байгаа. Баянхошуу тэр дундаа Жанцан орчим хонхор газар учраас агаарын бохирдол тунаж тогтдог, хотын хамгийн их бохирдолтой газар. Тиймээс бодит байдалтай танилцаж тэнд хуралдаач ээ гэж байгаа юм. Бид урьдчилж, ширээ сандал зассан байх болно\” гэлээ.
Яагаад болохгүй гэж. Засгийн газар хуралдаанаа орон нутагт хийж байсныг санаж байна. 2014 наймдугаар сарын нэгний өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг кабенатаараа Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийж, орон нутгийн зам засварын ажилд Засгийн газрын гишүүдийн анхаарлыг хандуулж байсан. Тэгвэл Ж.Эрдэнэбат кабенатаа Баянхошууны хонхорт хуралдуулж, утааны асуудалд анхаарлаа хандуулахад асуудал юу байна. Ширээ сандал бэлдчихсэн байхад.
Үндэстэн агентлаг