Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р бүсийн олон улсын их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан \”Business Simulation\” тэмцээн өнгөрсөн 11 сард болсон билээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод явагдсан энэхүү тэмцээнд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн наймдугаар бүсэд харьяалагддаг нийт арван сургууль өрсөлдсөн бөгөөд Монголоос МУИС, Отгонтэнгэр Их сургууль, Мандах бүртгэл дээд сургуулийн гурван баг өрсөлдсөн юм.
Адил гараанаас эхэлж сонирхолтой, өгөөжтэй, мэдлэг сорьсон, бодит нөхцөлтэй уялдсан энэ удаагийн тэмцээнд Отгонтэнгэр Их сургуулийн баг дэд байр, МУИС-ийн баг гуравдугаар байр, Мандах бүртгэл дээд сургуулийн баг тусгай байр эзэлсэн.
Арабын нэгдсэн Эмират, Катар, Монгол, ОХУ, Чех, Франц зэрэг улсуудын их сургуулиудын арван баг тэмцээний найман үеийн турш гар утасны глобал зах зээлийн төлөв байдлын өөрчлөлтөнд нийцүүлсэн шийдлүүдээр шийдвэр гарган өрсөлдсөн юм.
Олон улсын бизнес загварчлалын тэмцээнд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудтай өрсөлдсөн манай оюутнууд боловсролын салбарт ийнхүү Монголынхоо нэрийг гаргаж чадлаа. Тэр дундаа хувийн их дээд сургуулиуд дэлхийд өрсөлдөхүйц Монгол мэдлэгийг түгээж байгааг их хайрханаар овоглосон чадварлаг залуус дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцон, олон орны оюунлаг залуустай англи хэл дээр, тэр тусмаа мэргэжлийн түвшинд өрсөлдөж эх орон, сургуулийнхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан байна.
Тэмцээнд амжилттай оролцсон ОТИС-ийн баг болон бусад сургуулиудын багуудад өнөөдөр БСШУЯ-ны сайд Ж.Батсуурь ACBSP байгууллагын сертификат, цомыг албан ёсоор гардуулан өглөө.