Оскарын шагналт жүжигчин Жоди Фостер Z үеийнхэнтэй ажиллахад үнэхээр төвөгтэй байдаг талаар саяхны нэгэн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр тэднийг заримдаа ойлгоход хэцүү, тэр тусмаа ажилдаа гаргаж буй хандлага нь ойлголмжгүй гэжээ.
Мөн “Тэд үнэхээр ядаргаатай, ялангуяа ажлын байранд. Жишээ нь “Өнөөдөр би ажилламааргүй байна”, эсвэл “Би 10.30 цагт очно” гэдэг. Нэг удаа и-мэйл дээрээ хэт алдаатай бичсэнийг хараад зөв бичгийн дүрэм шалгаагүйг нь лавлахад “Яагаад тэгэх шаардлагатай гэж. Нөгөө хүн маань юу гэх гэснийг минь ойлгосон байхад энэ тийм чухал зүйл гэж үү?” гэсэн хариу ирэх жишээний их асуудалтай л даа. Тиймээс Z үеийнхэнтэй харьцдаг бол та хэрхэн тайвширч, энэ талаар хэт их бодохгүй, өөртөө л анхаарах талаар сурах хэрэгтэй” гэжээ.
Z үеийнхэн бол 1995-2009 онд төрсөн хүмүүсийн төлөөлөл байдаг. Хүний хөгжлийн болон нийгмийн төлөөллийн үеийг дараах байдлаар ангилдаг ба тус тусын өссөн нийгэм, орчны ялгаанаас үүдэлтэй зан төлөв, хандлага нь мөн харилцан адилгүй байдаг билээ.
- Бүтээгч үе (<1946 онд төрсөн)
- Baby Boomers үе (1946-1964 онд төрсөн)
- X үе (1965-1979 онд төрсөн)
- Ү үе (1980-1994 онд төрсөн)
- Z үе (1995-2009 онд төрсөн)
- Альфа үе (2010-2024 онд төрсөн)
Эх сурвалж: BBC