УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн. Нийслэлийн хүн ам өсөж, үйлдвэржилт, бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр төв цэвэрлэх байгууламж ачаалал нэмэгдэж, ажиллахад бэрх больж, дахин шинээр барих шаардлагатай болоод байгаа. Тэгвэл шинээр цэвэрлэх байгууламж барихад 900 сая ам.доллар шаардлагатай гэсэн мэдээллийг олон жил танилцуулж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зарим дарга сайд нарт хатуухан үг хэлээд амжлаа. Тухайлбал, тэрээр Хотын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарт хандан \”Улаанбаатар хотын иргэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Мэргэжлийн бодлого завхарснаас Улаанбаатар хот өтгөнтэйгээ хутгалдаад сууж байна. Нийслэлийн менежер шийдчих ёстой байсан асуудлыг өнөөдөр УИХ дээр яриад сууж байна. Асуудлыг захиргааны аргаар шийдэхээс аргагүй. Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг шийдэх ёстой, ирэх жил барилгын ажил нь эхэлсэн байх ёстой. 2020 он гэхэд шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон байх ёстой. Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг шийдэхгүй бол Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, хотын дарга гурвыг огцруулах асуудлыг тавина” гэсэн юм.
Үндэстэн агентлаг