Улс орон даяар хаваржилт хүндэрч Засгийн газрын тогтоолоор зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид 12 аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. Цасанд боогдсон малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, орон нутгийн чиглэлийн зам, давааг нээх зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээг зэвсэгт хүчний салбарынхан үзүүлж байгаа юм.
12 аймагт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүндээ хүч нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалаар удаан хугацааны хадгалалтад байсан зарим техникийг богино хугацаанд засварлаж, үйлчилгээнд гаргахаар болжээ. Үүний эхлэл болгож зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удаан хугацааны хадгалалтад байсан “Урал”, “Зил-131” зэрэг 16 техникийг өнөөдрөөс засварлаж эхэлжээ. ЗХЖШ-ын даргын тушаалаар засвар үйлчилгээний шуурхай бүлэг байгуулагдсан бөгөөд тэд богино хугацаанд буюу 2-3 хоногтоо багтаан засварлаж, үйлчилгээнд гаргахад бэлэн болгох юм байна.