Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НОК-оос өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Улаанбаатар хотын үерийн аюулын үнэлгээг хийлээ.
Үерийн аюулын үнэлгээгээр:
- Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг маш их
- Багануур дүүрэг их
- Хан-Уул, Баянгол дүүрэг дунд
- Багахангай, Налайх дүүрэг бага гэж үнэлэгдлээ. Улаанбаатар хотын үерийн аюулын түвшинд харгалзах чанарын үнэлгээний дундаж оноо 3.75 буюу их.
Халиа тошин, шар усны үерт өртөх байдлын үнэлгээгээр их гэсэн түвшинд 3,947 объект өртөхөөр гарлаа. Улаанбаатар хотод жилд хүн ам 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75% нь хөдөө орон нутгаас шилжин ирж, голын сайр, жалга, судгийн дагуу суурьшиж үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна гэж үзлээ.
Нийслэлийн үерийн эрсдэлийн үнэлгээ 8.65 буюу маш их гэж үнэлэгдсэн байна. Үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шар усны үерээс урьтаж сэргийлэх аяныг тавдугаар сар хүртэл үргэлжлүүлж байна.
Газрын алба, цагдаа, дүүргийн холбогдох албаныхантай хамтран үерийн эрсдэлд өртөх 464 айл өрхөд мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. Үүнээс Баянзүрх дүүрэгт 150, Чингэлтэй дүүрэгт 139, Сонгинохайрхан дүүрэгт 135, Сүхбаатар дүүрэгт 40 айл байна.
Нүүх шаардлагатай айлуудад суурьших газрыг нь зааж өгч байгаа юм” хэмээн мэдээллээ.