Монгол Улсын Ардын жүжигчин, “Оскар” шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин “Premio Bastianini-2024” холбооны нэрэмжит шагнал хүртэх болсныг албан ёсоор зарлажээ. Түүнд хүрэл баримал гардуулах ёслол 2024 оны тавдугаар сарын 3-нд Италийн Верона хотод болох гэнэ.
Дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин амралтаараа эх орондоо ирж, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхаа 60 жилийн ойд зориулан театрынхаа уран бүтээлчидтэй хамтран Ж.Вердийн “Макбет” дуурь болон дэлхийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн “Gala Concert” тоглолтыг хийсэн билээ.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Би одоо амралтаа дуусгаад гуравдугаар сарын 23-нд Итали улсын Милан хотын “Ла Скала” театрт тоглоно. Тэнд дөрөв, тавдугаар сард хоёр дуурь зэрэг тоглохоор төлөвлөсөн. Мөн үргэлжлүүлэн Австрийн театрт Ж.Пуччинийн “Тоска” дуурьт дуулна. Цаашаагаа Английн театрт дуулах хуваарьтай гээд энэ мэт гэрээ контрактуудыг хийгээд байна. Би сүүлийн үед Аргентин улсын Буэнос-Айрес хотын сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн театрт дуулж үзэхийг боддог болсон. Өөр том театр гэвэл Испани улсын Барселона хотын театр байна. Гэхдээ би ирэх арваннэгдүгээр сард дуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Испанийн нийслэл Мадрид хотын театрт дуулж үзээгүй. Өөр дэлхийн театр байхгүй. Бүгдэд нь дуулсан” гэдгийг хэлсэн юм.