16-аас 17-нд шилжих шөнө Пакистаны өмнөд нутгийн Синдх мужийн Сехван бүсийн шашны үйл ажиллагаа явуулдаг газарт амиа золиослогч тэсрэх бодис дэлбэлснээр наанадаж 72 хүн нас барж, 200 гаруй хүн бэртэж шархаджээ.
Эх сурвалжийн дагуу, Сехван бүсийн эрүүл мэндийн байгууллагын ажилтны хэлэхээр нас барагсдын дунд их олон хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. Сехван бүсийн захиргаа нэгэнт нисдэг тэргээр шархдагсдыг Хайдарабад болон Карачи хотод хүргэн эмчилж байгаа бөгөөд тухайн орон нутгийн захиргаа нь армиас туслалцаа хүссэн байна. Харин Пакистаны хуурай замын цэргийн жанжин штабын дарга нь тушаал буулгаж, гэмтэж бэртсэн иргэдийг аварч туслахад оролцохын зэрэгцээ, Хайдарабад байрлах цэргийн эмнэлгийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг шаардсан байна.
Сехван бүсийн цагдаагийн өндөр албан тушаалтны хэлэхээр, амиа золиослогч этгээд шашны үйл ажиллагаа явуулдаг газрын хаалгаар орсны дараа биедээ авч явсан тэсрэх бодисоо дэлбэлсэн бөгөөд тухайн үед тэнд бараг 500-800 хүн байжээ.
Одоогоор \”Исламын улс\” хэт даврагч бүлэглэл энэхүү халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдээд байна. Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф халдлагыг хатуу зэмлэн буруушаагаад, бүх хүчээ дайчлан шархадсан хүмүүсийг эмчилж аврахыг эрүүл мэндийн байгууллагуудаас шаардсан бол НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ч 16-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, тус халдлагыг хатуу зэмлэн, \”хэргийн эзэн\”-ийг хуулийн дагуу хатуу залхаахыг шаарджээ.