АНУ-ын Дюллес хотын олон улсын нисэх буудлын ажилтнууд Монголоос ирсэн хоёр эмэгтэйн тээшнээс адууны бэлэг эрхтэн илрүүлсэн байна. Энэ явдал өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд гарсан бөгөөд гаалийн ажилтнууд Монгол бүсгүйчүүдийн цүнхнээс 20 орчим кг адууны мах илрүүлэн хураан авсан байна. Тэгвэл 19 кг 500 грамм тэрхүү адууны махны 5.8 буюу 6 кг орчмыг нь адууны бэлэг эрхтэн дангаараа эзэлж байжээ.
Хэдийгээр Монгол бүсгүйчүүд үүнийг \”эмчилгээний зориулалт”-аар авч яваагаа тайлбарлаж, үлдсэн махыг нь хүнсэнд хэрэглэх гэж байсан гэдгээ хэлсэн ч гаалийн ажилтнууд хураан авч устгалд оруулсан байна. Учир нь, АНУ-ын хууль тогтоомжоор илгээгч улс орны мал эмнэлэг, эрүүл ахуйн баталгааны бичиг баримтгүй бол хилээрээ нэвтрүүлдэггүй байна. Түүнээс гадна АНУ-д аяллаар ирсэн буй Монгол эмэгтэйчүүдийн нэгнийх нь тээшнээс гурван литр сарлагийн сүү илэрсэн байна. Сонирхуулахад, АНУ-ын хил дээр иймэрхүү өвөрмөц \”хүнсний бүтээгдэхүүнүүд”-ийг хил давуулах гэсэн тохиолдлууд цөөнгүй гардаг бөгөөд бүтнээр нь шарж болгосон сармагчин, тахианы мах, Африкийн аварга том дун зэрэг хураагдаж байжээ. Түүнчлэн бүтнээр нь шарж болгосон тахианы махан дотор хар тамхи нуусан байжээ.
Үндэстэн агентлаг