Лхагва гарагийн өглөө орон нутгийн цагаар 7:58 цагийн үед Тайванийн зүүн эргийн бүсэд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн дараа Тайвань болон Японы Окинава аралд цунамигийн түгшүүр зарлагдаад байсан ч сүүлд цуцалж, цунамигийн аюул арилсныг мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн голомт цэг Тайванийн Хуалень хотоос өмнө зүгт 18 км зайд байжээ. Чичирхийллийн улмаас тус аралд дор хаяж 26 барилга нурсан бөгөөд хүний амь хохирсон тухай мэдээлэл одоогоор гараагүй байна.
Энэ удаагийн газар хөдлөлт нь 25 жилийн өмнө 2,000 гаруй хүний аминд хүрч байсан “921” газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь болохыг Тайванийн цаг уурын төв мэдээлжээ.