ОХУ-ын ерөнхийлөгч зарлиг гарган, Украйны зүүн хэсгийн иргэний зэвсэгт хүчний хяналтдаа авсан бүсийн оршин суугчдын үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн явдал бол Орос улс Украйны нутаг дэвсгэрийг түрэмгийлэн эзэлсэн, мөн олон улсын хуулийн тогтоолыг зөрчсөн бас нэгэн гэрч баримт гэж 18-нд Украйны ерөнхийлөгч Петро Порошенко нийгмийн харилцааны facebook сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
\”Ялангуяа Мюнхений аюулгүй байдлын хурал нээгдэж буй хугацаанд Оросын тал ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь өөр санаатай бөгөөд зүй зохисгүй юм\” гэж Петро Порошенко үзжээ.
Украйны мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Украйны Гадаад харилцааны сайд Павло Климкин мөн өдөр илтгэл тавьж, Оросын энэ үйл ажиллагааг зориудын өдөөн хатгалга хэмээн зэмлэж, Путины гаргасан зарлиг угаасаа Минскийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэжээ.
Кремлийн ордны нийтэлсэн мэдэгдэлд, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины 18-нд уг зарлигт гарын үсэг зурж, мөн өдрөөс эхэлж хүчинтэй болсныг зарласан юм. Украйны зүүн хэсгийн Донецк, Луганск хоёр мужийн зарим бүс нутгийн Украйны иргэд болон \”иргэншилгүй\” хүмүүсийн иж бүрэн үнэмлэх, бичиг баримтыг Орос түр хүлээн зөвшөөрөх бөгөөд тэд визгүйгээр Орост ирж очихыг зөвшөөрнө гэжээ. Энэ зарлигийг, холбогдох талууд Минскийн хэлэлцээрийн дагуу улс төрийн арга замаар Украйны зүүн нутгийн асуудлыг зохицуулах хүртэл хэрэгжүүлэх бөгөөд Оросын засгийн газар шаардлага бүхий арга хэмжээ авч зарлигийг хэрэгжүүлнэ гэжээ.