Сэлбэ, дунд голын доторх бургасыг есөн тэрбум төгрөгөөр зөөж шилжүүлэхээр болжээ.
Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн байгууллагын судалгааны хүрээнд хийх бөгөөд бургас болон бусад ургамал, бут сөөгийг Туул гол дагуу шилжүүлэх юм байна.
Энэ талаар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү, “Бид энэ бургасыг шинжлэх ухааны үндэстэй зөөнө. Байгаль орчны дүгнэлт нь гарсан байгаа. Энэ дүгнэлтийн дагуу зөөнө. Иймээс Сэлбэ голын далан, шугам сүлжээнд байгаа бут сөөгийг гурван байршилд зөөнө. Ингэж үерийн хамгаалалтын далан доторх бургас, бусад мод бутыг зөөснөөр үерийн даланг 1-1.5 метр гүн болгож, ус урсан өнгөрөх багтаамж хоёр дахин нэмэгдэх юм. Хэрэв энэ ажлыг хийхгүй бол Нарны зам дагуух томоохон хотхон хороолол, барилга орон сууц үерт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан” гэлээ.