Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” Дулааны станцыг 116 МВт-аар өргөтгөж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус станц нь 348 МВт хүчин чадалтайгаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол өргөтгөл хийснээр 464 МВт болон өргөжиж, эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох 12 000 өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байгаа юм.
Үйлдвэрлэлийн зардлаасаа ч хямд эрчим хүчний бодит өртөгтэй явж ирсэн нь хөгжлийн боломжийг гажуудуулсаар байгаа тул энэ салбарт Эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зүй ёсны шаардлага бий. Манай улсын дулааны станцуудын насжилт 36-61 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 33-63 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Иймд Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бүсчилсэн хөгжилтэй дагуул хотуудыг хөгжүүлэх, Богд уулыг тойрсон шинэ төлөвлөлтийн шийдэл гаргаж байгаа учраас эрчим хүчний салбарт онцгой анхаарна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр Станцын өргөтгөлтэй танилцах үеэрээ мэдэгдсэн юм.
Олон жилийн турш хүлээлт үүсгээд байсан “Амгалан” дулааны станцын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлыг Хөгжлийн банкны 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.