Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэх талаар мэдээллээ.
Нэгдүгээр хэсэг буюу ботаникийн эцсээс төмөр замын гарам хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.
Тодруулбал төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.