Соёлын яам 2021 оноос Дүрслэх урлагийн “Art Week“, “Photo Week” арга хэмжээнүүдийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн хувьд “Mongolia fashion week 2024” загварын долоо хоног арга хэмжээг дэмжин Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
“Монголын загвар урлагийн холбоо” ТББ-аас санаачилсан уг арга хэмжээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл хувцас загварын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь уран бүтээлчдийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол үндэсний хувцасны өв соёлоо сурталчлан таниулах ажлын хүрээнд “Хувцас загварын салбарын форум”, “Мастер класс сургалт”, “Үзэсгэлэн”, “Загварын шоу”, “Гала шоу тоглолт”, “Авангард хувцасны тэмцээн”, “Монгол хувцас загварын долоо хоног 2024 сэтгүүл” зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
Тус арга хэмжээг хувцас загварын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хувь уран бүтээлчид, үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоонууд, хувцас загварын их дээд сургуулиуд, орон нутгийн төлөөллүүдийг хамруулан зохион байгуулж байна.