Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан \”Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийн талаар өнөөдөр Батлан хамгаалах яам, Нийслэлийн Цэргийн штаб, Монголын оюутны холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ. \”Оюутан цэрэг” сургалт хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийт 2400 орчим оюутан хамрагдсан байна. Тус сургалт энэ жил шинэ батлагдсан журмаар зохицуулагдан хэрэгжихийг Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр хэллээ.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2017 онд \”Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутныг хамруулахаар болсон байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Бүрдүүлэх материал:
- Сургалтын голч дүн (2.8-аас дээш)
- Иргэний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
- Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
- Сургалтын дүнгийн хүснэгт
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
Бүртгэл хийгдэж буй газрууд:
- Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв
- Баянзүрх дүүрэг ЗДТГ-ын хурлын танхим
- Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд
- Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд
- Хан-Уул дүүрэг Соёлын ордонд
- Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байранд
Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба хэлэхдээ \”\”Оюутан цэрэг” сургалтад эхний жил буюу 2014 онд Улаанбаатар хот, 2015, 2016 онд нийслэл болон хөдөө орон нутгийн оуютнууд хамрагдаж байсан. Энэ жил нэмээд Дархан-Уул, Орхон аймгийн оюутнууд хамрагдах боломжтой. Сургалт 2 үе шаттай явагддаг. Нэгдүгээрт, цэргийн ерөнхий бэлтгэл онолын буюу танхимын сургалтаар явагдана. Хоёрдугаарт, цэргийн мэргэжлийн бэлтгэл явагдана.” гэлээ.
Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт Улаанбаатар хот, Дорнод, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дархан-Уул, Орхон аймгуудад зохион байгуулагдана. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын хувьд нийслэлд байрлах их, дээд сургуулийн 700 оюутныг ҮБХИС-ийн сургалтын төвд, Дархан-Уул, Орхон аймгийн их, дээд сургуулийн 100 оюутныг Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Дорнод аймгийн 30 оюутан, Говьсүмбэр аймгийн Политехник колежийн 20 оюутныг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар анги, баруун 5 аймгийн 150 оюутныг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг тус тус түшиглэн зохион байгуулах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.