Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболд Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг Ард аюушийн талбайд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын жагсаал жагсаж, хүндэтгэн хүлээн авав. Үүний дараагаар УИХ-ын дарга М.Энхболдын Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт ХДТ-т боллоо. Уулзалтанд УИХ-ын дарга М.Энхболдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яваа УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ХХАА-н дэд сайд Ж.Сауле, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, ХНХҮЕГазрын дарга Б.Нямдаваа, ЗТЯ-ны зөвлөх н.Доржханд, ЭХЯ-ны газрын дарга Ц.Баярбаатар, ХНХЯ-ны ТЗУГ-ын дарга н.Эрдэнэбаяр нар оролцов.
Мөн Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нарын аймгийн удирдлагууд, Ховд аймгаас сонгогдсон төрийн түшээд болох УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Монгол улсын их хурлын дарга М.Энхболд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоол, гаргасан шийдвэр, тэдгээрийн зорилго, ач холбогдол, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төр засгаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Түүнчлэн УИХ-ын үйл ажиллагаа улсын эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалт татах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, банк санхүү, татвар, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд гол анхаарлаа хандуулсан гэдгийг онцоллоо. Дараа нь иргэд сонирхсон асуултаа тавьж, санал бодлоо илэрхийллээ. Иргэдийн асуултанд Монгол улсын их хурлын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүд, салбарын сайд, дэд сайд нар хариулт өглөө. Ховд аймгийн иргэд хөдөлмөрчид УИХ-ын даргын уулзалтанд бусад аймгуудаас илүү идэвхитэй, өргөнөөр оролцсоныг ажлын хэсгийн бүрэлдэхүүн онцолж байсан юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд: Эв нэгдлийг эрхэмлэж, улс төржилтийг хойш тавих, иргэдийн бүтээлч сэтгэлгээ, аймаг, улс орноо гэсэн сэтгэл, санаачилгыг дэмжих, ажлын байр бий болгож, иргэдээ тогтмол ажил, орлоготой байлгахад анхаарах, сахилга хариуцлагыг эрхэмлэж, хэмнэлтийн бодлогыг төрийн бүх шатны байгууллагад баримтлах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
khovd.gov.mn