Зарим нэг үйлчилгээний байгууллага \”Е-баримт” олгохгүй байна гэсэн гомдол Татварын Ерөнхий газарт ихээр ирж байгаатай холбогдуулан, ирэх гуравдугаар сараас эхлэн баримт олгохгүй байгаа болон кассын машинтай боловч түүнийг ашигладаггүй, янз бүрийн шалтаг гарган, хууль дагаж мөрдөхгүй байгаа хувь хүн, албан байгууллагуудад хатуу шаардлага хүргүүлж, арга хэмжээ авах ба цаашлаад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж ТЕГ-аас мэдэгдлээ.
Энэ талаар ТЕГ-ын дарга Л.Зоригоос тодруулахад, \”Эхний ээлжинд бид пос машин тавьсан, интернэт орчинтой дунд зэрэглэлийн худалдаа, үйлчилгээний газруудын баримт олгох асуудлыг жигдрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн хэцүү асуудал болох Нарантуул, Хархорин, Барс гэх мэт худалдааны төв, захууд E-баримт олгодог болох асуудал дээр бид Нийслэлийн Засаг Дарга, Үйлдвэр Үйлчилгээний хэлтэстэй хамтран ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Тэдгээр худалдааны төвүүдийг дунд нь кассын машинтай болгох асуудлыг бид зохион байгуулна. Үүний тулд, эхлээд пос машин нийлүүлдэг аж, ахуйн нэгж байгууллагуудтай ярилцах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, кассын машиныг лизингээр, зээлээр өгөх хүсэлт тавих юм\” гэлээ.
Одоогоор 38,800 гаруй аж, ахуйн нэгж байгууллагууд кассын машин ашигладаг аж. Кассын машины үнийн хувьд 40,000 – 1,000,000 төгрөгийн хооронд байдаг байна. Монголд 50 орчим байгууллагууд кассын машиныг оруулж ирж үйлчилгээ үзүүлдэг байна.
Үндэстэн агентлаг