Дунд гол дагуу үерийн хамгаалалтын далан барих ажил өнөөдөр эхлээд буй. Энэ үеэр өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг хэрхэн дүгнэсэн талаар “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээлэл өгөв.
Тэрбээр “Өнгөрсөн жилийн үер юунаас болсон, ямар эрсдэлүүд байсныг тооцоолоход зонхилох хэсэг нь үерийн барилга байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга байгууламж барьсан тохиолдлууд.
Дунд голын бургасан дотор айлын байшин хүртэл барьчихсан байсан. Мөн стандартын бус гүүрнүүд байсныг бүгдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байгаа юм.
Одоо хоёр ААН-тэй зөвшилцөлд хүрвэл Дунд голын голдиролд байгаа барилга байгууламжийг чөлөөлж дуусна. Үүний дараа үерийн даланг барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлууд шат дараатай хийгдэнэ.
Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдтэй дүүргийн газрын алба болон дүүргийн удирдлагууд зөвшилцөж байгаа юм. Иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэгт, дэд бүтэцтэйгээ ойрхон учраас нүүх боломжгүйг хэлдэг. Харин ААН-үүд үерийн үед агуулах, барилга нь усанд автаж хохирсон учраас зөвшилцөж, барилга байгууламжаа буулгая гэж байгаа” гэв.
Үерийн бүсэд оршин сууж байгаа болон үерийн байгууламжийн хийцлэл өөрчилсөн 3,300 иргэн, ААН байдгаас 256 нь ААН аж.