УИХ-д суудалтай намуудаас хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ гэдэг нь таамаг хэвээр байна. Эрх баригч МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, дэд дарга Ц.Нямдорж нарын нэр дуулдаж байгаа бол сөрөг хүчин АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, саяхан даргын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нарын нэрс дуулдаж байлаа.
Тэгвэл өчигдөр хотын мээр асан Улсын Баатар Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ яг хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг АН-ын шинэчилсэн дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж албан ёсоор зарлах юм. АН шинэ даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгосон шиг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ч бас олон нийтийн санал асуулгаар тодруулж магадгүй юм. Цахим хуудсуудад явагдаж буй албан бус санал асуулгад УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар тэргүүлж байгаа билээ. Гэхдээ Улсын Баатарт нийслэлчүүд ам сайтай байдаг.
Гэвч Э.Бат-Үүлд нэг асуудал бий. Тэр нь С.Зоригийн үхэл. 18 жил бүтэл муутайхан байсан мөрдөн байцаалт саяхан дуусч, нэр бүхий гурван хүнд ял оноогоод байгаа. Гэвч яг С.Зоригийн хөнөөсөн хүмүүс мөн эсэх, хэний захиалгаар хөнөөсөн эсэх тодорхойгүй бүрхэг хэвээр байгаа билээ. Тиймээс С.Зоригийн үхлээр далимдуулсан улс төр цаашид явагдахыг үгүйсгэхгүй. Мэдээж энэ үхэлтэй хамгийн их холбогддог хүн бол Э.Бат-Үүл. Тиймээс түүнийг Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшвэл өрсөлдөгчид нь С.Зоригийн хэргээр сөрөг сурталчилгаа хийх нь ойлгомжтой.
А.Аюуш
Үндэстэн агентлаг