Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 6. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 9. Сумъяа гараг. Есөн улаан мэнгэтэй, гөрөөсөн толгой одтой, хар луу өдөр.
Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.