УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг сэжигтнээр татан өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Харин сэжигтнээр тооцох хугацаа өчигдөр дуусч, яллагдагчаар татсан байна. Тодруулбал, Б.Гарамгайбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Гэхдээ түүний биеийн байдлыг харгалзан үзэж, гадуур байцаахаар болсон байна. Харин АТГ-аас үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт хүргүүлжээ.
Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад \”Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан түүний хүү \”Монроуд\” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм.
Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргаад байгаа. Прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм. УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа.
Үндэстэн агентлаг