Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийг Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн.
Филиппин улс нь 1950-иад оноос Бүсчилсэн хөгжлийн загвараа тодорхойлж, амжилттай хэрэгжүүлсэн арга туршлагаараа бүс нутагтаа үнэлэгддэг учраас Монгол Улсын Засгийн газрын баримталж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэдлэг туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Мөн Филиппин улс нь байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамжаараа дэлхийд дээгүүр ордог учраас гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан болзошгүй гамшиг, осол, эрсдэл, хохирлыг бууруулах, эрт зарлан мэдээлэх системийг боловсронгуй болгох чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.