Багшлах боловсон хүчний дутагдлыг хэрхэн нөхөх талаар салбарын сайд нь өнөөдөр танилцууллаа.
Албан ёсны тоон мэдээллээс харахад
-
ерөнхий боловсролын сургуулиудад улсын хэмжээнд 4,217 багшийн,
-
цэцэрлэг 508 бүлгийн багшийн сул орон тоо үүсжээ.
Сүүлийн таван жилийн байдлаар жилд 2,700-3,900 багшийн сул орон тоо үүсдэг бөгөөд үүнийг нэгдүгээр улиралд 80 хувьтай шийдэж чаддаг байна.
Боловсролын сайд П.Наранбаяр “2024 онд багш хөтөлбөрөөр 2,508 хүн төгссөн. 1,077 багшлах боловсон хүчин тэтгэврээ тогтоолгосон байна. Багш бэлтгэх их, дээд сургуулиудын 3-4 дүгээр курст 4,000 оюутан суралцаж байгаа.
Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдэх, богино хугацаанд нөхөх чиглэлээр
-
багш бус мэргэжилтэй, их дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгох, хөдөлмөрийн гэрээгээр гэрээт байдлаар ажиллуулах боломжийг судалж, журам гаргаж байна
-
хичээлийн нэгдүгээр улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах
-
тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах
-
шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах,
-
удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Түүнчлэн 1-2 дугаар ангид 45-60 хүүхэдтэй 97 бүлэг бий.Үүнд туслах багш ажиллуулах талаар судалж байгаа” гэлээ.