2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр танилцуулав.
Ирж буй хичээлийн жилд 2-5 насны 142,150 хүүхэд цэцэрлэгт суралцана.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатанд 103,999 хүүхэд цахимаар илгээсэн бөгөөд энэ сарын 19-21-нд эцэг эх, асран хамгаалагч нарынх нь утсанд хариуг нь илгээж байна.
Хоёрдугаар шатны цахим бүртгэл есдүгээр сарын 5-15-нд цахимаар үргэлжилнэ.
Боловсролын сайд П.Наранбаяр “Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Энэ жил 11,768 хүүхдийн хүч чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэр гаргаад байна.
Хамран сургах тойргоо тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15,000 хүүхдийг хувьсах зардлыг нь төрөөс дааж, явуулна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд гурван ээлжид орох эрсдэлтэй байгаа. Иймд 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалтаар байр түрээслэхээр ярьж байгаа. 22 сургуулийнх нь байрыг шийдвэрлэсэн бөгөөд 15,955 хүүхэд суралцах боломжтой” гэв.
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 12-25-нд үргэлжилнэ гэдгийг сайд мөн санууллаа.