Монголын баярууд ямар дуусах биш дээ. Нэг баяр дуусаад л дараагийн баярын уур амьсгал орчихдог хойно. Энэ жил бүүр ч ачаалал ихтэй байх шиг байна. Гэхдээ баяр тэмдэглээд л мөнгөө үрээд яваад байхыг бодоход бид хямралд өртөж сүйд болоогүй л юм шиг санагдаад байгаа юм. Валентиндаж дуусаад цагаан сар. Цагаан сар нь дуусаагүй байхад марттай золгочихсон хүмүүс. Тэгсэн өчигдрөөс эрчүүддээ юу өгөх вэ гэсэн хүүхнүүд л гүйлдээд байдаг болчихлоо.
\”Аа цаадуул чинь уух дуртай бүгдэд нь шил юм аваад өгчий хуваагаад уучихна биз\” гэх хэнэггүй хүүхнүүд байхад \”Гайгүйхэн шиг караокед оруулаад дайлчихья. Жилдээ ганц удаа юм чинь\” гэх бийлэнжүү хүүхнүүд ч байна. Энэ бужигнаан дундуур сүйтэй овсгойтой зарим нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг ч шахсан байх жишээтэй. Аяга таваг, саван, шампунь … гээд л. Заримд нь бүүр энгэсэг, уруулын будаг хүртэл өгчихсөн байгаа юм даа. \”Яаж байгаа юм бэ. Бид чинь эрчүүд шүү дээ\” гэсэн чинь \”За та нар яадаг юм. Бидний өгсөн бэлгийг эхнэрүүддээ өгч баярлуулаад бүтэн жил визтэй байхаа бодохгүй юу\” гэж тайлбарласан байгаа юм даа.
Баяр баяр гэхэд эрчүүдийн баяраар уруулын будаг бэлэглэх нь ч бас хаашаа ч юм. Тэгсэн өчигдрөөс гурван ширхэг оймсыг эвтэйхэн боочихсон \”зөвхөн эрчүүдэд зориулсан бэлэг\” гээд сүртэй хаяг хадчихсан реклам цахим хуудсаар цацагдаад байх юм. Дотроо сонголт арвинтай спортын, цэргийн, даргын, хөдөө явдаг хүний, жолоочийн, хувиараа бизнес эрхлэгчийн гэх мэт. Оймс хүртэл ингэж төрөлждөг болчих гэж. Цагаан оймсыг албаны хувцастай өмсөхөд тохиромжгүй л дээ. Гэхдээ л даргын, цэргийн, жолоочийн оймс гэж тусдаа байдаг болчихсон нь ихэд анхаарал татах боллоо.
Гэхдээ \”хүүхнүүд минь арай ч ийм бэлэг өгөхгүй биз дээ\” гэж гомдонгуй бичиж байгаа залуус байна шүү. Зарим нь бол шууд л \”Цагаан сараар жилийнхээ оймсны хэрэгцээг хангачихсаан\” гээд л хэлчихэж байна. Тэгсэн өөр нэг хэсэг нь \”хэ хэ хэ за бас оймс ч юу юм бэ\” гээд худлаа мэдэн будилсан ч байх жишээтэй.
Ер нь ажлынхаа залуусд гээд оймс бариад ороод ирвэл залуус нь дуртай царайлж авсан ч дараа жил занаж байгаад бүгдэд чинь хөлбөмбөг үзэх тасалбар өгчихвөл яах уу. Тэрийг л бодолцох хэрэгтэй. Бүүр өгөх юм олдохгүй, цаашлаад мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй бол сайхан хоол хийгээд өгчих л дөө. Цаадуул чинь оймс авснаас илүү баярлах нь мэдээж. Эр хүнийг ходоодоор нь гэж үг байдаг даа. Их л өлсөж явдаг юм шиг байгаа юм зайлуул. Цаадуулд чинь хоол байвал оймс нь цоорхой байсан ч тоохгүй шүү.
Шар хүү
Үндэстэн агентлаг