Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулжээ.
Тодруулбал, 1 дүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзварт уг гэрлэн дохиог суурилуулаад байна.
Эдгээр лед гэрлэн дохио нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон буюу хасах 40 хэмд ч тэсвэртэй, нэг тонны даацтай, хагарч гэмтэхгүй гэдгээрээ онцлог.
Солонгос улсад уг гэрлэн дохиог 2019 оноос хойш 20 мянга гаруй уулзварт суурилуулж, таван жилийн дотор явган зорчигч осолд өртөх нь 30 хувиар буурсан судалгаа байгаа юм.