Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Ф.Янг, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Р.Рэй, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Р.Фатима нар нээлтийн үг хэлэв. Улмаар уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар, мөн транзит улсууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын 60 орчим төлөөлөгч үг хэлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл уулзалтад оролцож хэлсэн үгэндээ, ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, дэвшүүлсэн санал, санаачилгын талаар танилцуулж, Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг бүлгийн гишүүн улсууд, хөгжлийн түншүүд, оролцогч бусад талд уриалав.
Улмаар ирэх 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Ботсвана Улсын Габороне хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэлийг хангах Засгийн газар хоорондын хорооны хамтран даргалагч Монгол Улсын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлж, энэхүү бага хурлаар батлах ДГХБО-ын ирэх 10 жилийн үйл ажиллагааны шинэ хөтөлбөр нь тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын хөгжилд чухал хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэв.
Уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх арга зам, ДГХБО-ын ирэх 10 жилийн үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг тусгасан Сайд нарын тунхаглалыг батлав.