Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орон сууцны үндэсний хороог ахалдаг. Тус хороо ипотекийн зээлийг ялгавартай хүүтэй олгох хувилбаруудыг судалж байна. Жишээ нь нийслэлийн төвд буюу А бүсэд ипотекийн зээл авах бол 10 хувь, бусад дүүрэгт байрны зээл авахад 8 хувийн хүүтэй байх боломжтой гэж үзжээ.
Харин орон нутагт ипотекийн зээл авах бол одоогийн зохицуулалт хэвээр буюу 3 хувийн хүүтэй байна.
Энэ онд ипотекийн зээлд нийт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт төлөвлөж, нэг их наяд төгрөгийг зарцуулжээ. Энэхүү 1.2 их наяд төгрөг дараах эх үүсвэрээс бүрддэг.
-
Өмнөх зээлдэгч нарын сар бүр эргэн төлж буй зээл, зээлийн хүүгийн төлбөр 200 тэрбум төгрөг
-
Монголбанкны эх үүсвэр 500 тэрбум төгрөг
-
Хуримтлалын сангийн эх үүсвэр 500 тэрбум төгрөг
Манай улсад жил бүр дунджаар 17 мянган хос гэрлэдэг. Гэтэл ипотекийн зээлийг жилд 11 мянган өрхөд олгож байна. Цаана нь зургаан мянган залуу хос үлддэг. Энэ зээлийн эрэлт улам өссөөр, иргэд нэг жилийн турш банкнаас хариу хүлээж байгаа тул цаашид ялгавартай хүү тогтоох судалгааг эхлүүлжээ.
Ингэхдээ Монголбанкны санхүүжилттэй, ипотекийн зээлийг зөвхөн нийслэлд, Хуримтлалын сангийн эх үүсвэрийг орон нутгийн иргэдэд олгох зохицуулалтыг ч судалж байна гэж Монголбанк мэдээлэв. Хуримтлалын санд “ЭТТ” ХК, “Эрдэнэт” үйлдвэр санхүүжилт төвлөрүүлж байна.
Дээрх зохицуулалтыг хэрэгжүүлбэл Дэлхийн банк гэх мэт олон улсын санхүүжүүлэгчид зах зээлийн зарчмаар олгох зээл гэж үзэн, энэ зээлийг санхүүжүүлэх боломжтойгоо мэдэгджээ.
Ташрамд дурдахад МИК гаднаас14 хувийн хүүтэй, 150 сая ам.долларын санхүүжилт татсан байна.