О.Хулан Монголын анхны эмэгтэй легионер тамирчин боллоо

О.Хулан Хятадын дээд лигийн багт тоглохоор болсон гэж МСБХ-оос мэдээллээ.

Монгол улсын шигшээ баг болон “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч Онолбаатарын Хулан Хятадын WCBA (Women’s Chinese Basketball Association)-ийн “Wuhan Cranes” багт тоглохоор болж гэрээгээ байгууллаа гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

О.Хулан зургаадугаар сард Хятадын Ухань хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд шигшээ багийн хамт оролцож 3-р байр эзэлсэн. Тэмцээний үеэр Ухань хотын  “Wuhan Sanfran” багийг 21-12 харьцаагаар хожсон юм.

Монголын сагсан бөмбөгийн холбооны мэдээлснээр уг тоглолтын дараагаар түүнийг Хятадын баг “элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн төвдөө есдүгээр сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан” аж.

Ийнхүү тэрээр гадаад улсын багт тоглох анхны Монгол тоглогч буюу легионер болж байгаа юм.

WCBA нь Хятадын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лиг бөгөөд CBA (Chinese Basketball Association) буюу Хятадын сагсан бөмбөгийн холбооноос зохиодог.

Одоогоор лигт 17 баг тоглодог. Тэдний нэг нь Wuhan Cranes буюу “Wuhan Shengfan” юм. Ухань мужийн төлөөлөл баг өнгөрсөн улиралд лигтээ 14-р байр эзэлжээ.