Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ны орой олноороо нийлж нэг хүнийг бүлэглэн зодож буй бичлэгийг цахим орчинд нэгэн иргэн нийтэлж дараах тайлбарыг бичсэн байв.
“Нийлж хүн алах нь байна шдээ. 10/21 орой 21:30 цагийн үед СХД 38-р хороо Залуус хорооллын голд 15-18 насны охид залуус орилж хашхираад байсан юм.
Хажуугаар нь өнгөрсөн залуу орой болсон байхад яагаад орилж хашхираад байгаа юм гэхэд цаанаас нь нэг охин юу гээд байгаа **сда вэ! чамаар заалгах уу гээд залууг заамдаад авсан. Тэгсэн хамт явж байсан банди нар нь нийлж шаардлага тавьсан залууг зодлоо. Ар гэрийн хүмүүжил гэж байна уу, энэ хүүхдүүдэд?!” хэмээн бичиж хэргийн талаарх бичлэг нийтэлжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад уг хэргийг гомдлын дагуу шалгаж байгаа гэлээ.
Тодруулбал “Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явууллаа.
Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн “Б”-г үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн биед нь халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.