АНЭУ-ын Дубай хотод дөрвөн жил тутамд зохион байгуулдаг оюуны спортын хамгийн том тэмцээн болох “Memoriad 2024” буюу оюуны олимп болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг тэргүүтэй 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулав.
Манай улсаас тус тэмцээнд дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын удирдлагад 16 тамирчин оролцож 38 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр алтан цомын эзэн болжээ. Тодруулбал, 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, 50 сая төгрөг гардсанаас гадна Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тэд ой тогтоолтын төрөлд 36 медалийн 35-ыг нь авч, ердөө ганцхан медалийг гаднын тамирчдад алджээ. Тэгвэл цээж бодолтын төрлөөс 12 медалийн гурвыг нь авсан байна. Манай тамирчдаас заримынх нь онцлох амжилтыг дурдвал их мастер Н.Мөнхшүр “Number Shape Recognition” төрөлд олимпын дээд амжилтыг шинэчлэн Гиннесийн номд дахин бичигдэхээр болсон.
Мөн Монголын багийн жижиг ихрүүд гэгдэх их мастер Н.Номин-Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ нар “Флаш тоо”, “Дуут цифр”-ийн төрөлд олимпын аварга болж, содон амжилтын эзнээр тодорлоо. Монголын оюун ухааны академийн тамирчин олон улсын 70 дахь тэмцээндээ оролцож, 1495 дахь медалиа хүртсэнээр Дубайгаас эх орон руугаа нисэхээр болж байна.