Ирэх сарын нэгнээс иргэд элэгний С вирусийн шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломж бүрдлээ. Тодруулбал өчигдөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох лабораторийн шинжилгээ зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах болжээ. Уг хуралдаанаар вирус тогтоох лабораторийн шинжилгээний зардлын дээд хязгаарыг 120 мянган төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэ онд уг шийдвэрийн дагуу шинжилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Иргэдийн шинжилгээ өгөх итгэмжлэгдсэн лабораторийг удахгүй зарлах юм байна.
Үндэстэн агентлаг