УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо.
УИХ-ын гишүүн Б.Сайнзориг “Сайд нарын дэргэд үндэсний хороо, төв, комисс, зөвлөл гэх мэт олон нэршил байна. Хуулиар байгуулахаас бусад эдгээр зөвлөл, хороо хэд байгаад хэчнээн хүн ажиллаж байна вэ. Цалингийн санд хэдэн төгрөг зарцуулж байна вэ?. Эдгээр нь төрийн чадавхыг улам сулруулж байна. Ерөнхий чиг үүргийн яамны дэргэд хүртэл ийм салбар, хороо байгуулагдаж байгаа. Яамд нь ажлаа хийж чадахгүй болоод ийм хороо байгуулдаг юм уу?. Үүнд цэг тавимаар байна. Төрийн албаны тухай хуулийн босго давахгүй хүмүүсийг цуглуулдаг болж хувирлаа.
Шинэ сэргэлтийн, Бүсчилсэн хөгжлийн хороо л гэнэ. Жишээ нь, бүсчилсэн хөгжлийн бодлого Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд байна. Чадахгүй байгаа бол Шадар сайдын, Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгая л даа. Энэ яамыг байгуулаад бодлого төлөвлөнө гэчхээд одоо дэргэдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөл байгуулна гэнэ. Боль л доо, төрийг цомхон хэмнэлттэй, хүртээмжтэй болгоно гэчхээд нэг юм ярихаар л орон тоо гэнэ. Эдгээрийг зогсоох цаг болсон” гэлээ.
Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийг нэн тэргүүний зорилт болгон тусгаж, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан.