Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гуравдугаар сарын 22-ноос эхлэн баруун таван аймагт ажиллаж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр /2017.03.23/ Говь-Алтай аймагт хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдтай хамт Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар ажиллаж байна.
Засгийн газрын тэргүүн хамгийн түрүүнд тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-тэй танилцсан юм. Энэ төв 21 мэргэжлээр элсэлт авах боломжтой. Гэхдээ энэ хичээлийн жилд 280 суралцагч, 11 мэргэжлээр суралцаж байгаа аж. Өмнөх онд төгссөн хүүхдүүдийн 56 орчим хувь нь ажлын байртай болсон байна. Одоогоор тус сургуулийн барилгад их засвар хийх шаардлага байна гэдгийг МСҮТ-ийн захирал С.Гансэлэм Ерөнхий сайдад уламжиллаа.
Тэдний хүсэлтийг анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд, Гавь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Тус эмнэлгийн хувьд аймгийн иргэддээ хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн 18 сум хоёр тосгон, Завхан, Баянхонгор аймгийн хил залгаа сумын иргэдийг эмчилдэг аж. Нэгдсэн эмнэлэг нийтдээ 210 ортой бөгөөд жилд дунджаар 100 мянга орчим иргэнд /давхардсан тоогоор/ үйлчилдэг байна.
Тус аймагт жилд дунджаар 1100 орчим эх амарждаг гэж эмнэлгийн удирдлагууд хэлсэн. Гэтэл 2011 онд баригдаж эхэлсэн 50 ортой эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг одоо болтол баригдаж дуусаагүй байгаа аж. Иймээс эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах шаардлага байгааг эмч мэргэжилтнүүд илэрхийлж байлаа.