Засгийн газрын өнөөдрийн /2024.12.25/ хуралдаанаар нийслэлтэй холбоотой асуудлууыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар шийдвэрийг танилцуулсан юм. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Тухайлбал, Дархан цаазат Богдхан уулын бүсчлэлд байгаа амины орон сууцууд бүхий айлуудаас газрын төлбөр авах тухай асуудлыг хөндсөн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн талаар тодруулав.
Х.Нямбаатар, Нийслэлээс өнгөрсөн тавдугаар сард Богдхан уулын дархан цаазат газарт үүссэн суурьшлын бүсийг суурьшлын бүсийнх нь хил хязгаараар Улаанбаатар хотын эдэлбэр нутагт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Нэгэнт дархан цаазат газар биш, хаусны хороолол үүссэн тэр байршилд газар эзэмшиж байгаа тэр ААН, иргэдийн газар эзэмших эрхийг нь баталгаажуулж өгөөд, газрын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлье. Газрын төлбөрийг жил бүр авдаг болъё гэсэн зохицуулалтыг тусгасан тогтоолын төсөл оруулсан. Харамсалтай нь тухай үеийн Байгаль орчны яам болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг асуудал дэмжигдээгүй.
Богдхан уул дархан цаазтай газар бол Дархан цаазат газрынхаа дэглэмээр явах ёстой. Гэтэл Улаанбаатар хотын урд хэсэг, Богдхан уулын ар хормойгоор ам болгон хаусны хорооллоор дүүрсэн. Эндээс нэг ч газар шударгаар, дуудлага худалдаагаар, сонгон шалгаруулалтаар олгогдоогүй. Цэвэр авлига, албан тушаалын үр дүнгээр энэ суурьшлын бүсүүд бий болсон. Гэтэл Улаанбаатар хотоос инженерийн шугам сүлжээ, эрүүл мэнд, боловсрол, хот нийтийн үйлчилгээг шаарддаг. Тэгвэл нэгэнт суурьшлын бүс үүсэж, хотын стандарт үйлчилгээг авахыг шаардаж байгаа бол тэр газар нутгийнх нь газар олголтыг хотоос баталгаажуулж, эргээд жил бүр газрын төлбөрийг нь авья гэсэн асуудал тавьсан дэмжлэг аваагүй. Гэхдээ энэ асуудлыг ирэх хаврын чуулганаар дахин гаргаж тавина.
Янз бүрийн байдлаар газар эзэмших эрх авч, барилга барих гэж байгаа хүмүүсийн лообий орсныг би тухайн үед олон нийтэд мэдээлж байсан. Зайсангийн ам, Арцатын амуудад байгаа амины орон сууцны хорооллуудын ихэнх нь “отоглох газар”, зарим нь “зочид буудал” барина гэж зөвшөөрөл авсан байдаг. Отоглох газар, зочид буудал нэр дээр газар авч, амины орон сууц бариад газрын төлбөр төлөхөөс зайлсхийж байгааг таслан зогсооно гэсэн зүйл тогтоолын төсөлд тусгасан. Мөн Богдхан уулын дархан цаазат газарт дахин газар олгохгүй байх зохицуулалтыг уг төсөлд тусгасан байсан гэлээ.