Утааны ерөнхий хяналтын сонсголд оролцож буй иргэд, ТББ-ын төлөөллүүд байр суурь, саналаа хэлж байна.
Иргэн Б.Мөнгөнхишиг: Өнөөдрийн сонсгол дүр эсгэсэн, мэдээлэл, илтгэлээр дүүрсэн үйл ажиллагаа болоод өнгөрөх нь. 71 мянган иргэн гарын үсэг зурахдаа өнгөрсөнд гаргасан алдаануудаа хүлээн зөвшөөрье гэсэн юм.
Эрчим хүч, цаг уур, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол гээд бүх салбар, тэднийг хооронд нь уяж байгаа Засгийн газрын тэргүүний түвшинд алдаагаа хүлээн зөвшөөрч байж сайжруулж чадна.
Шинжээч нар дарга нараасаа айж, санаа зовдог юм уу, бүгд л сайхан төлөвлөгөө, мэдээллийг өгч байна. Энэ эргээд бухимдлыг бий болгоно.
Иргэн Б.Эрдэнэ: Сонсголд иргэдийн орлогод суурилсан, олон талын оролцоотой хамтын ажиллагааны бодлого, хөтөлбөр огт яригдахгүй байна. Тэтгэврийг 6 хувь, эрчим хүчний төлбөрийг 89 хувь нэмчхээд яаж иргэдийг яандангаа буулга, дэвшилтэт технологиор шийд гэж хэлж чадаж байна аа. Утааны асуудал хүйтэнд харагддаг болохоор агаарын бохирдол гээд байгаа болохоос, урин дулаан цагт хөрс, усны бохирдлын эх үүсгэвэр болдог. Үүнийг хөндөхгүй байна.
Харин сонсголыг даргалагч Ж.Чинбүрэн гишүүн, Бид хоёр өдөр сонсгол хийсний дараа шийдвэр, дүгнэлтээ байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлж, хэн юу хийх ёстойг өгнө. Ерөнхий сонсголоор шийдвэрээ танилцуулна гэж битгий ойлгоорой. Сонсголоор бүх зүйлээ хэлэлцүүлсний дараа шийдвэр болгож гаргах юм гэв.