Эквадор улсын хамгийн том боомт хот болох Гуаякил хотын ойролцоо байдаг том гүүр нурсан байна. Ойролцоогоор 200 метр урт гүүр нурсны улмаас нэг хүн амь насаараа хохирч, хоёр хүн мөрний усанд унаж ор сураггүй алга болжээ.
Гүүр нурах үед дээгүүр нь зорчиж явсан дөрвөн ачааны машин, хоёр мотоцикл, нэг жижиг оврын тээврийн хэрэгсэл мөрний ус руу унаж осолджээ.Мөн гүүрний нөгөө захад эрдэнэшиш ачсан машины ачаа хөмөрсөн байна. Ослын үеэр таван хүн гэмтэж бэртсэн тухай орон нутгийн онцгой байдлын албаны алба хаагчид мэдээллээ.
Гуаяс мужийн захирагч Марсела Агинага одоогоор гүүр нурсан шалтгааны талаар мэдээлэлгүй байгаа гэдгээ хэлжээ. Урьдчилан таамаглаж байгаагаар гүүр хэт ачаалалтай байсны улмаас даацаа хэтрүүлж, нурсан байж магадгүй байна. Уг гүүр нь Гуаякил боомтын хотыг Гуаяс мужийн бусад хэсэг болоод Эквадорын хойд хэсгийн мужуудыг холбодог стратегийн чухал ач холбогдолтой .
Андын нуруунд орших Эквадор улсад одоогоор борооны улирал эд дундаа үргэлжилж байна. Үерийн улмаас тус улсад 20 хүн нас баржээ. Мөн хөрс гулссаны улмаас 45 гүүр нурсан. Тиймээс цаг агаарын байдал 200 метр урт гүүр нурахад нөлөөлсөн байж магадгүй юм.