Түүхий эдийн арилжааны Trafigura Group-ийн Монгол дахь салбарын захирал компанийнхаа хөрөнгөөс 500 сая гаруй ам.долларыг нагац эгчийнхээ эзэмшдэг компанид зээлдүүлсэн болохыг илрүүлснээ Reuters мэдээлжээ.
Trafigura-ийн Монголд хүлээсэн тэрбум ам.долларын алдагдалтай холбоотой хяналт шалгалтын хүрээнд салбарын захирал Э.Жононбаярыг ажлаас нь чөлөөлөөд байгаа юм. Түүний нагац эгч Д.Эрдэнэтуулын эзэмшдэг гэгдэж буй Лекс Ойл ХХК Trafigura-ийн Монгол дахь гол харилцагч, дистрибьютор нь байсан аж.
Монголд байдаг салбарын ажилтнууд нь бичиг баримт засварлаж, хугацаа хэтэрсэн өрийг нуун дарагдуулсан ноцтой зөрчил гаргасныг Trafigura шалгалтаар илрүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард гарч байв.
Үүнээс шалтгаалан тус компани 1.1 тэрбум ам.долларын хохирол амсаж, мөн есдүгээр сараар эцэслэгдсэн санхүүгийн жилд цэвэр ашиг нь 62 хувиар буурсныг тайлагнасан юм.
Монголд олон жил үргэлжилсэн энэхүү луйврын шинжтэй хэргээс хүлээсэн хохирол нь “Биднийг газарт буулгасан үйл явдал байлаа” гэж Trafigura компанийн шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Ричард Холтум онцолжээ.
Эх сурвалж: Bloomberg tv mongolia