Хавар хэдийн эхэлсэн ч зарим нутгаар салхитай, жиндүүхэн буй. Энэ үед Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг нар цэргийн алба хаагчдын багийн хамтаар 99 хоногт 5000 км туулахаар гүйж байна.
Гүйсээр 29 хонож буй тэд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагийн байдлаар 1300 км зам туулжээ. “Таван цэг” багийнхан төлөвлөгөөний дагуу энэ сарын 1-ний өдрийн үдээс хойших гүйлтээрээ Өвөрхангай аймгийн Арвайхээр хот орох аж.
Хайрхандулаан сум нь хангай, хээр хосолсон нутаг бөгөөд Өвөрхангай аймгийн нутгийн баруун хэсэгт байрладаг, Улаанбаатар хотоос 503 км, аймгийн төвөөс 75 км зайтай.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо редакц”