Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр Улаанбаатарын авто замын ачааллыг сааруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, нийслэлийн төр, захиргааны байгууллагууд одоо 08.30 цагт цуглаж байгаа бол ажил эхлэх цагийг 08.00 цаг болгов. Харин ажил тарах цаг 17.30 байгааг 17.00 цаг болголоо.
Дээрх зохицуулалтыг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл мөрдөж ажиллах юм. Мөн замын хөдөлгөөний ачааллыг харгалзан томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулах ажлыг судлах зорилгоор ажлын хэсэг гаргасан байна. Түүнчлэн бараа түгээлтийн компаниудын ачааны машины ажлын цагийг судлах үүрэг өглөө.
Ингэснээр нийслэлийн иргэдийн өглөө ажилдаа ирэх, хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэх цагтаа хамт ачааны том машинууд үйлчилгээний байгууллагад барааг нь буулгахаар эгнээ, зай эзэлж түгжрээ үүсгэх явдлыг багасгахаар тооцжээ. Тэднийг бараагаа шөнө түгээх үү, үүрээр түгээх үү гэдгийг судлах юм.