Дөрөвдүгээр
сарын 15-наас эхлэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагт эхэлж,
17.00 цагт тарж байхаар боллоо. Энэ нь авто замын ачааллыг бууруулахтай
холбоотой Нийслэлийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөс гарсан шийдвэр юм. Энэ
шийдвэр ирэх 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Уг нь Э.Бат-Үүл хотын дарга байх даа сургууль, цэцэрлэг цуглах, төрийн байгууллагын ажил эхлэх цаг давхацсан учраас замын
ачаалал их байна. Тиймээс төрийн байгууллагын цуглах цагийг 08.30 болгож авто
замын ачааллыг бууруулуулах арга хэмжээ авлаа гэж гаргасан шийдвэрээ тайлбарлаж байлаа. Яах вэ, төрийн
байгууллагынхан ч бас үр хүүхэдтэй, ар амьдралтай хүмүүс. Тиймээс өглөө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч
явсаар 08.30-д ажилдаа ирэхэд яг л тохирсон шийдвэр байлаа.
Гэтэл С.Батболдын тэргүүлсэн нийслэлийн
удирдлагууд Э.Бат-Үүлийн шийдвэрийг цуцалж, ажил эхлэх цагийг сургууль,
цэцэрлэг цуглах цагтай давхцуулчихлаа. Зорилго нь авто замын ачааллыг
бууруулах. Яаж бодохоороо сургууль, цэцэрлэг эхлэх цагтай төрийн байгууллагын
ажил эхлэх цагийг давхцуулахаар замын ачаалал буурна гэж боддог байна. Хар ухаанаар бодоход ч бөөгнөрөл, түгжрэл
үүсч, яарч сандарсан улс л гүйлдэх шинжтэй байна шүү дээ. Тэгээд ч хүүхдээ хүргэж
өгсөн төрийн албан хаагч 08.00 цагт ажлын байрандаа яг гозоож байх нь
эргэлзээтэй болж эхэлж байгаа биз. За ингээд л Нийслэлийн удирдлагуудын хэнээс
яаж олж авсан судалгаагаар гаргасан шийдвэр юм бүү мэд. Хэрэгжилт нь араасаа
олон асуудал дагуулж мэдэхээр нэгэн шийдвэр ирэх бямба гаригаас эхэлж
хэрэгжихээр болчихоод байна.
Тэгээд ч сар гаруйн хугацааны дараа
сургууль цэцэрлэг амрах гэж байна. Зун нийслэлд авто замын ачаалал гээд хүндрэл
учраад байх зүйлгүй болно. Гэтэл хотын дарга тооцоо судалгаа багатай алдаа дутагдал ихтэй шийдвэр
гаргачихаад л төрийн албан хаагчдаараа даажигнаж суух нь дээ. Энд өглөө эрт босох, босохгүй тухай дурдаагүй болно. Харин нэг цагт бүх үйл ажиллагаа давхцахаар замын ачаалал бууруулах гээд байгаа хотын даргын зорилго биелэх болов уу яадаг бол үүнийг л асуух гэсэн юм.
Амар