Монголын Үндэсний бөхийн холбооноос Сэлэнгэ аймгийн баяр наадмын бөхийн барилдааны талаар албан мэдэгдэл гаргаж, дүрмийн зөрчил гарсан тул түрүүлсэн бөхийн цолыг хүчингүйд тооцжээ.
Тодруулбал, тус наадмын үзүүр, түрүүний барилдаан нь “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.6.6 дахь заалтыг зөрчсөн байна. Уг заалтад:
“Засуул барилдааныг түр зогсоох үед, эсхүл учраагаа өмсгөлөө засаж байхад болон барилдаан удааширсан үед барьц бариулж байхад мэх хийж унагах тохиолдолд дахин барилдуулна” гэж заасан байдаг.
Гэвч дээрх барилдаанд энэхүү заалтыг зөрчин, барьц бариулах үед өрсөлдөгчөө гэнэдүүлэн давсан тул барилдааны үр дүнг хүчингүйд тооцож, шинээр заан цол хүртсэн С.Алтанбаярын цолыг улсын цолтны эрэмбэд тооцохгүй болохыг мэдэгдэв.
Үүнтэй адил нөхцөл өмнө нь 2021 онд болсон 512 бөхийн барилдааны тавын даваанд тохиож байсан. Тухайн үед хөлийн цэцүүд барилдааныг дахин явуулах шийдвэр гаргасан ч өвдөг шороодсон бөх дахин барилдахаас татгалзаж байжээ.