Онцгой байдлын ерөнхий газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран \”Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо. Хурлын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Мүцүми Сато нар болон төслийн багийн гишүүд, ОБЕГ, НОБГ, БХБЯ, БСШУСЯ-аас холбогдох удирдлага, албан тушаалтнууд оролцлоо. Мөн 2017 онд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэгдэн батлагдсан бөгөөд уг хуульд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар тодорхой заалтууд тусгагдсан. Энэхүү хуультай холбогдуулан нэлээдгүй дүрэм, журам, зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулах шаардлага гарч байна.
2017 оны 03 дугаар сарын 20-30-ны өдөр Шадар сайдын Ажлын алба, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөл багтсан 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн. Энэ хүрээнд Японы тэргүүн туршлагаас суралцан монголын хөрсөнд буулган газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд төслийн баг гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.