Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталлаа.
Засгийн газрын тогтоолд нийт 2195 нэгж талбарыг тусгаж, байршлуудыг таван хавсралтад ангилжээ.
-
Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар 210,
-
Хот тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар 1879,
-
Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар 83,
-
Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар 19,
-
Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарах зориулалтаар дөрвөн нэгж талбар гэсэн таван хавсралтад ангилжээ.
Засгийн газрын 2025 оны жагсаалтаас хойш нийслэл, дөрвөн дүүрэг, 20 аймгийн 62 сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол хийжээ. Энэ хүрээнд Газрын нэгдмэл сангийн цахим системд нийт 3625 нэгж талбарыг төлөвлөснөөс 2195 нэгж талбарыг 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргав.
Мөн “Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтоосон байна. Энэ хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг даалгав.
Одоогоор уг төслийн хүрээнд 528 км технологийн зам болон дамжуулах хоолой дагасан таван байршилд бүтээн байгуулалт хийж байна.
Гүйцэтгэгч компаниуд олборлолтын явцад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгөх, түүх соёлын дурсгал илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоон холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээжээ.
Гүйцэтгэгч нь олборлолт хийсэн талбайдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх, түүх, соёлын олдвор,эд өлгийн зүйлс илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоон холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй юм.