Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэн осол жил гаруйн өмнө (2024.01.24) гарсан.
Хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хийн дэлбэрэлтэд ослын газрын ойр орчимд байрлах 207 дугаар байр өртөж, оршин суугчид нь орон сууцандаа амьдрах аргагүйд хүрээд байгаа. Улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн байрыг дахин засварлахгүй нурааж дахин шинээр барих Нийслэлийн Засаг даргын захирамж (2024.12.02) гарсан билээ.
Захирамж гарснаас хойш 9 сарын дараа буюу өнөөдрөөс барилгыг буулгах ажил эхэлснийг оршин суугч мэдээлэв. Барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид дурдсан. Ойролцоогоор 12 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоог танилцуулж байв.