Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль 6 дугаар сарын 26-ны өдөр товлогдсон. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын аль нэгийг нэр дэвшүүлнэ гэдгийг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн удаатай. Мөн өмнө нь нэр дэвшиж байсан Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр ч яригдаж байгаа.
Тэгвэл сөрөг хүчин АН-аас сонгууль өрсөлдөх хүсэлтээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Нийслэлийн засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, Шадар сайд, Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, Сангийн сайд асан, нийтлэлч Б.Баабар, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нар албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэдэн дээр УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны Дарга Х.Баттулга нэмэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийдэх тухайгаа мэдэгдсэн байна. Түүний энэхүү шийдвэр олон нийтийн дунд явагдсан санал асуулгатай ч холбоотой байж мэдэх юм.